Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид кампанит ажлаа чөлөөтэй явуулах боломжтой байсан ч нэр дэвших эрх, хэвлэл мэдээлэлтэй холбоотой эрхзүйн зохицуулалт хэтэрхий хязгаарлагдмал байна гэж олон улсын ажиглагчид мэдэгдэв
УЛААНБААТАР, 2021 оны 6 дугаар сарын 10 – Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хүнд нөхцөлд сайн зохион байгуулан, нэр дэвшигчид сонгогчдод чөлөөтэй хүрч ажиллах боломжтой байсан боловч нэр дэвшигчээр бүртгэх шаардлага хэтэрхий өндөр, редакцийн мэдээ болон улс төрийн сурталчилгааны зааг бүдэг байхын сацуу улс төрийн мэтгэлцээн зохион байгуулаагүйн улмаас нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл болон сонгогчдын сонголт хязгаарлагдмал байгааг ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар (АИХЭГ)-ын олон улсын ажиглагчид өнөөдрийн хэвлэлийн хурал дээр мэдэгдэлдээ.
“Цар тахлын улмаас биечилсэн сурталчилгааг ихээхэн хэмжээгээр хязгаарласан ч сонгуулийн хороодын үйл ажиллагаанд итгэх итгэл өндөр, мөн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид чөлөөтэй явуулах боломжтой байсныг хараад бид баяртай байна” хэмээн АИХЭГ-ын САТХ-ны тэргүүн Лолита Сигане хэллээ. Гэхдээ тэрээр “нэр дэвших эрхтэй холбоотой хатуу зохицуулалт, сурталчилгааны болон редакцын чөлөөт байдал олон улсын стандартад нийцээгүйгээс гадна сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн ил тод байдал хангагдаагүй нь санаа зовоосон асуудал хэвээр үлдлээ.”
Өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиас хойш эрх зүйн орчин сайжирч, ардчилсан сонгууль зохион байгуулах хангалттай суурь болж чадсан байна. Гэхдээ АИХЭГ-ын хэд хэдэн зөвлөмж хэрэгжээгүй. Ажиглагчдын айлчилсан цөөн тооны санал авах байруудад сонгуулийн үйл явц сайн зохион байгуулагдаж байсан.
Сонгуулийн кампанит ажлыг хуулиар нарийн зохицуулсан төдийгүй кампанит ажлын хугацааг хуулийн өөрчлөлтөөр богиносгожээ. Нөгөөтэйгүүр тэгш бус нөөц бололцоо, төрийн албан хаагчдын сонгууль дахь оролцоо нь эрх баригч намд давуу тал олгосоныг ажиглагчид тэмдэглэв.
Мөн кампанит ажлын санхүүжилт цаашид санаа зовоох сэдэв байв. Сонгуулийн зардлын тайланг илгээх үйл явцыг тодорхой хэмжээгээр сайжруулсан ч сонгуулийн санхүүжилтийн орчин дахь хяналт, ил тод байдал хангалтгүй байна. Үүнээс үүдэн нэр дэвшигчдэд өгсөн хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл сонгогчдод дутмаг хүрсэн.
Хэвлэл мэдээллийн орчин нь олон төрөл зүйлтэй ч хэд хэдэн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын бие даасан байдал хангагдаагүйд санаа зовж байгаагаа ажиглагчид мэдээллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үйл явцын талаар сонгогчдод мэдээлэх чухал үүргийг гүйцэтгэж байсан ч мэдээллийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн төлбөртэй контентийн зааг бүдэг байгаа асуудлыг хөндсөн. Тиймээс сонгогчдод нэр дэвшигчдийн болон тэдний мөрийн хөтөлбөрийн талаарх хараат бус мэдээлэл маш бага хүрсэн.
АИХЭГ-ын САТХ нь 5-р сарын 21-нд ажлаа эхэлсэн. Тус хороо нь МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ЕАБХАБ-ын болон олон улсын ардчилсан сонгуулийн стандарт, мөн дотоодын хууль тогтоомжид нийцсэн эсэхэд үнэлгээ хийсэн АИХЭГ-ын урьдчилсан үнэлгээний хорооны дүгнэлтэд үндэслэн ажилласан.
Нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг:
Katya Andrusz, ODIHR: katya.andrusz@odihr.pl or +48 609 522 266